March 17, 2010

Суут бүтээлүүд хулгайд алдагдаад 20 жил боллоо




АНУ-ын Бостон хот дахь Изабелл Стюарт Гарднер музейгээс 500 сая орчим доллараар үнэлэгдэх 13 уран зураг хулгайд алдагдаад яг 20 жил болж байгаа аж. Холбооны мөр­дөх товчоо энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр этгээд 1990 оны гуравдугаар сарын 18-нд музейд орж, 81 минутын дотор Рембрандт, Вермеер, Дега, Мане нарын зурсан 13 хөрөг хулгайлсны дотор Голландын зураач Вермеерийн “Концерт” хэмээх алдарт зураг байгаа аж. Одоогийн ханшаар энэ зураг дангаараа 250 сая долларын үнэтэй.
Энэ хэргийг Бостоны мафийн толгойлогч, 1994 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа Жеймс Вулгер зохион байгуулсан байх хэмээн сэжиглэдэг. Түүний хоёр туслах хулгайг зохион байгуулсан гэх яриа 1994 онд гарсан ч нотлогдоогүй. Өдгөө сэжигтнүүдийн нэг нь нас барж, нөгөө нь энэ тухай сонсоогүй хэмээн мэлзэж байгаа. Мөрдөгчид Ж.Вулгер энэ хэрэгт оролцсон гэх ямар ч ул мөр олоогүй.
Их Британийн Скотланд Ярдын мөрдөгч Чарльз Хилл “Америкийн мафитай сүлбээтэй Ирландын гэмт бүлэглэл уг бүтээлүүдийг хадгалж байгаа” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Урлагийн бүтээл цуглуулдаг тэрбумтан энэ хэргийг захиалан хийлгээд бүтээлүүдийг хав дарсан гэх таамаглал байгаа ч үнэмшихэд бэрхтэй. Иймэрхүү хүмүүс хуруу дарам цөөхөн байдаг төдийгүй тэднийг цагдаагийн газар маш сайн мэддэг аж.
Хэргийн газар ажилласан шинжээчид энэ хэргийг үйлдсэн хүмүүс чухам юу хулгайлж байгаагаа мэдээгүй байсан гэсэн дүгнэлт хийсэн. Урт гартнууд асар их үнэ цэнэтэй зарим зургуудыг хананаас хуулж авсан ч авалгүй орхиод явсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ. Алдарт зураач Рафаэлийн өөрийгөө зурсан хөргийг хулгайч нар голоод орхисон байна. Музейн хамгаалалтын дарга Энтони Эморе “Хулгайч нар маргааш өглөө нь чухам юу хулгайлсан болохоо сониноос уншсан байх” гэжээ. Холбооны мөрдөх товчооны энэ удаагийн зорилго хулгайчийг биш, хулгайд алдагдсан зүйлс хаана байгааг олоход чиглэх бололтой. Музейн захиргаа зургуудыг олж өгсөн хүнээс юу ч асуулгүйгээр таван сая долларын шагнал өгнө гэж амлаад, энэ тухай бичсэн зурагт хуудсаа Бостон руу ордог гол замын дэргэдэх асар том самбар дээр байрлуулсан байна.

No comments: