March 07, 2010

Үлэг гүрвэл сүйрсэн шалтгаан тодорхой болов



Европ, АНУ, Мексик, Канад, Япон зэрэг орны тэргүүлэх 41 эрдэмтэн үлэг гүрвэл хэрхэн сүйрсэн байж болох тухай палентологи, геохими, цаг уур, геофизик, газарзүйн шинжлэх ухааны баримтуудад 20 гаруй жил задлан шинжилгээ хийсний эцэст үлэг гүрвэлүүд 65 сая жилийн өмнө дэлхий дээр унасан асар том солирын дэлбэрлтийн улмаас мөхсөн гэсэн дүгнэлт хийлээ. “Science” сэтгүүлд бичсэн дүгнэлтээс үзэхэд 15 км орчим өргөнтэй солир 65 сая жилийн өмнө одоогийн одоогийн Мексик улсын Чиксулуб хавьцаа унасны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас рихтерийн шаталбараар 10 гаруй баллын хүчтэй газар хөдөлж, түүнээс улбаатай цунамид тухайн үед дэлхий дээр байсан амьтдын тал хувь нь устсан гэжээ.
Солирын цохилтын хүч 1945 онд Японы Хирошимад хаясан цөмийн бөмбөгнөөөс дор хаяж нэг тэрбум дахин хүчтэй байсан тул дэлхийг агшин зуур халуун там болгон хувиргасан хэмээн дүгнэсэн байна. Үлэг гүрвэлийн мөхлийн талаар сүүлчийн олон арван жилийн турш мэргэжилтнүүд талцан маргалдаж байгаа юм. Энэ удаа тэд өөрсдийн хийсэн дүгнэлтээ энэхүү маргаанд сүүлчийн цэгийг тавьсан хэмээн үзэж байгаа аж.
Зарим эрдэмтийн таамаглаж буйгаар үлэг гүрвэлүүд болон аварга том хэвлээр явагчид өнөөгийн Энэтхэг орчимд болсон галт уулын цуврал дэлбэрэлтийн улмаас сүйрсэн. Галт уулын дэлбэрэлтээс оргилон гарсан лав нь Хар далайг хоёр удаа дүүргэхээр их хэмжээтэй байсан агаад үүний улмаас агаар мандал эгшин зуур хөрч, дэлхий даяар солирын бороо орсноос үлэг гүрвэл сүйрсэн гэж таамагладаг.
Харин тэргүүлэх эрдэмтдийн “Science” сэтгүүлд гаргасан дүгнэлтэд энэ таамаглалыг няцаагаад “Баримтаас үзэхэд далайн болон хуурай газрын экосистем солирын цохилтоос эгшин зуур сүйдсэн нь нотлогдож байгаа тул Энэтхэгийн Деккан Трапст болсон галт уулын дэлбэрэлт үүнд хамаагүй. Компьютерийг загвар дээр хийсэн туршилт, ажиглалтаас үзэхэд галт уулын дэлбэрэлтээс үүсдэг сульфур зэрэг бусад хийн үзүүлэх нөлөө удаан үргэлжилдэггүй. Тийм учраас далайн болон хуурай газарт нэлэнхүйд нь нөлөөлж чадаагүй. Деккан Трапст болсон газар хөдлөлт солир унахаас 500 мянга орчим жилийн өмнө болсон. Тухайн үедээ ойр орчимдоо нөлөө үзүүлсэн нь гарцаагүй ч бүх экосистемд хохирол учруулах боломжгүй юм” гэсэн байна.

No comments: