January 26, 2010

“Химийн Али”-ийг дүүжлэн хороов




Хусейны дэглэмийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг, түүний үеэл ах “Химийн Али” хочтой Али Хасан аль-Мажидийг шүүхийн шийдвэрийн дагуу дүүжлэн хороолоо. Тэрбээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж, хомроглон устгах аллага үйлдсэн хэрэгтээ дөрвөн удаа дээд хэмжээ сонссон юм. Түүний тушаалаар 1988 онд Халабжа хотод химийн зэвсэг хэрэглэсний улмаас 5000 орчим энгийн иргэн амь үрэгдсэн. Цаазаар авах ажиллагааг Иракийн телевизээр дамжуулсангүй. Хоёр зураг харуулсаны нэг дээр хоригдлын улаан хувцас өмсүүлсэн Аль-Мажидийг харуулсан бол, дараагийн зурган дээр толгойд нь хар уут угласан этгээдийг үзүүлжээ. “al- Iraqiya” сувгаар харуулсан эдгээр зураг дүүжлэх ажиллагааны үеэр авсан бодит зураг мөн эсэх нь тодорхойгүй байна” гэж ВВС мэдээлэв.
Иракийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али аль-Даббах “Аль-Мажид зүрх нь зогсох хүртлээ дүүжлүүрт байсан. Энэ үеэр нийтийг хамарсан үймээн болоогүй” гэсэнээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Түүнийг дүүжлэн хороосон тухай албан ёсоор мэдэгдэхээс 15 минутын өмнө Багдадад амиа золиослогчид гурван газар дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 37 хүн алагдаж, 100 орчим иргэн шархадсан байна. Амиа золиослогчдын энэ халдлага цаазаар авах ажиллагаатай холбоотой эсэх талаар одоогоор мэдээлэл алга. Аль-Мажидийг дүүжлсэний хариуд эдгээр халдлагыг зохион байгуулсан гэсэн цуурхал Багдадад тараад байна. Халдлагыг зохион байгуулсаны хариуцлагыг ямар нэг зэвсэгт бүлэглэл одоогоор хүлээсэнгүй.
Аль-Мажидийг дүүжилсэн мэдээллийг Иракийн олон нийт янз бүрээр хүлээн авлаа. Түүний төрөлх хот Тикритийн иргэд “Урвагчид, балмад этгээдүүд Али Хасан аль-Мажидийн амь насыг хороосонд гашуудаж, Иракийн нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна” гэсэн бол, “Химичийн” гарт төрөл төрөгсөд, дотно хүмүүсээ алуулсан иргэд энэ мэдээллийг талархан хүлээн авч, алуурчны хүзүүнд угласан дүүжлүүрийн олсыг үнсэхэд ч бэлэн байна гэсэн гэнэ.
Харин албаны хүмүүс халдлагыг Аль-Мажидийг дүүжилсэнтэй холбоогүй. Иракт гуравдугаар сарын 7-нд болох парламентын сонгуулийг тасалдуулах гэсэн оролдлого гэж тайлбарлав.

No comments: