January 21, 2010

Мюнхений нисэх буудал гурван цаг хаагдав

Германы Мюнхен хотын олон улсын нисэх онгоцны буудал аюулгүй байдлын улмаас гурван цаг орчим хаагдсан байна. Учир нь, зорчигчдын тээшийг шалгах үеэр тэсрэх бодис илрүүлэгч багаж ажиллаж эхэлсэн тул цагдаа нар гарцыг хаасан аж.
Шалгалтын явцад нэг зорчигчийн зөөврийн компьютер шалгах төхөөрөмжийг ажиллуулсан нь тогтоогджээ. Аюулгүй албаны хүмүүс уг компьютерийг шалган, аюулгүй гэдгийг нь тогтоох хүртэл гурван цагийн хугацаа орж, 10 гаруй нислэг саатсан байна. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Тэшийг шалгах үед төхөөрөмж ажиллаж эхэлсэн нь тэнд заавал тэсрэх бодис байгаа гэдгийг зааж гэсэн үг биш. Сэжигтэй зүйл байна гэдгийг л анхаруулж байгаа хэрэг. Химийн бодис тухайлбал, сүрчиг тээшийг шалгах үеэр илэрвэл төхөөрөмж ажилладаг” гэсэн тайлбар өгчээ.
Зул сарын баярын үеэр АНУ-ын Детройт хотын нисэх онгоцны буудалд иргэний агаарын тээврийн онгоцыг дэлбэлэх оролдлого гарснаас хойш дэлхий даяар аюулгүй байдлыг эрс чангатгасан. “Сэжиг” бүхий компьютер авч явсан эр удтал шалгуулсаны эцэст, цэвэр болох нь тогтоогдож тухайн нислэгээр явах эрхтэй болжээ.

No comments: