January 21, 2010

Сэтгүүлч цагдаа нарын гарт амь амь үрэгдэв

Сэтгүүлч Константин Попов ОХУ-ын Томск хотын саатуулах байранд цагдаа нарт зодуулан ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Томск хот дахь ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн холбооны салбар “Цагдаагийн офицер 26 настай Алексей Митаев энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн. Түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын амь насыг хохироосон хэргээр эрүү үүсгэж, ажлаас нь халсан. Цагдаагийн офицер 47 настай сэтгүүлчийг эрүүдэн шүүж, ухаанаа алдчихаад байхад нь эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй” гэж мэдэгдлээ.
К.Попов орон нутагт хэвлэгддэг “Тема” сэтгүүлийг санаачлагчдын нэг бөгөөд тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Константин Карпачов “К.Попов ажил хэрэгтэй холбоотой ямар нэг асуудлаас болж алагдаагүй байх. Ийм юм хэнд ч тохиолдож мэднэ. Энэ бүхэн цагдаа нар хэнийг ч байсан хохироож чадна гэдгийг нотолж байгаа хэрэг” гэжээ. К.Попов саатуулагдах үедээ халамцуу байсан байна.
ОХУ сэтгүүлчидэд халтай орнуудын тоонд ордог бөгөөд 2000 оноос хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 17 сэтгүүлч амь үрэгдсэн. Гэвч сэтгүүлчдийн амь насыг хохироосон этгээдүүд баригдаж, шийтгүүлсэн тохиолдол ердөө ганцхан байдаг аж.
Өчигдөр ОХУ-ын нэр хүнд бүхий 20 сонин, телевизийн эрхлэгч, захирлууд Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиевт өргөх бичиг барьж, РИА Новости агентлагын фото сурвалжлагч Андрей Стенинийг ямар үндэслэлээр цагдаа нар саатуулсан болохыг тайлбарлаж өгөхийг шаардсан байна. РИА Новости агентлаг А.Стенин сөрөг хүчний жагсаалд огт оролцоогүй, тэнд ажил үүргээ гүйцэтгэж явсан хэмээн мэдэгдсээр атал Москва хотын шүүх А.Стенинийг гэм буруутай гэж үзэн торгох шийдвэр гаргасан аж.
Тус улсын Ерөнхийлөгч Дмитри Медведев “Цагдаагийн газрын дураараа авирладаг явдал иргэдийн дургүйцлийг хүргэж, төрийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлж байна. Дотоод яаманд шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн. Тус яамны 1.4 сая орон тоог 2012 он гэхэд 1/5-ээр цомхотгох бололтой

No comments: