January 21, 2010

Хоёр Солонгосын уулзалт үр дүнд хүрсэнгүй

Кэсоны аж үйлдвэрийн бүсэд болсон хоёр Солонгосын уулзалт ямар ч үр дүнд хүрсэнгүй. Хил дээр орших уг бүсэд Өмнөд Солонгосын 110 жижиг дунд үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Хойд хөршийнхөө хямд ажиллах хүчинд дулдуйдан гэр ахуйн сав суулгаь бэлэн хувцас үйлдвэрлэдэг. Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ бүс хоёр орны хэт зөрүүтэй байр сууринаас үл шалтгаалан үйл ажиллагаагаа явуулж, ядууралд нэрвэгдсэн Хойд Солонгосын хууль ёсоор мөнгө олох цорын ганц суваг болсон.
Энэ долоо хоногт болсон уулзалт хоёр орны харилцаа дахин хүйтэрсэн нөхцөлд болж өнгөрлөө. Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах олон улсын уулзалтыг орхино, Сөүлд цохилт өгнө хэмээн мэдэгдсэн нь аж үйлдвэрийн бүсийг цаашид хөгжүүлэх тухай уулзалтыг үр дүнгүй болголоо.
Энэ бүхний хариуд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Цөмийн довтолгоо хийх гэж байгаа сэжиг мэдэгдэх аваас Пхеньянд түрүүлж цохилт өгөх болно” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Түүнээс гадна Өмнөд Солонгосын шинжээчид ирэх сард 68 нас хүрэх удирдагч Ким Чен Ир 2012 он хүртэл насалж чадахгүй, түүнийг өөд болсны дараа цэргийн эргэлт гарч, эмх замбараагүй байдал үүсэх тул байдлын хяналтадаа авах төлөвлөгөө боловсруулахыг санал болгосон.

No comments: