April 06, 2010

АЛТ ДЭЭР ҮҮ, АРДЧИЛАЛ ЧУХАЛ УУ

Орос, Хятад хоёр байгалийн баялгийнх нь төлөө өрсөлдөж, Монгол орон хүчний тэнцвэрийг барих гэж АНУ руу хандаж байна. Ингэлээ гээд Монголын ардчилал аюулгүй байж чадах уу. Чамгүй олон зууны туршид хоёр хөрш нь Монголыг ээлжлэн эзэрхсээр ирж. Хятадын 200 гаруй жил үргэлжилсэн дарлал 1911 онд Манжийн эзэнт гүрэн унаснаар төгсгөл болсон ч хэдхэн жилийн дараа Зөвлөлтийн коммунистууд тэдний халааг авсан аж. ЗХУ 1990 онд задран унаснаар Монгол орон жинхэнэ тусгаар тогтнолоо олж, шинэ удирдагчид нь олон ч бэрхшээлтэй нүүр тулсан. Нэг асуудал тухайлбал, Хятад, Оросын дунд хавчуулагдсан тусгаар тогтнолоо хэрхэн хадгалах вэ гэдэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Арвин баялаг нөөцтэй ашигт малтмалын ордууд энэ оронд нээгдэх тусам тусгаар тогтнол нь тулгамдсан асуудал болон хувирлаа. Монголын Засгийн газар 2010 оны аравдугаар сард өмнийн говьдоо байдаг Оюутолгойн ордоо олон улсын компаниудтай хамтран ашиглах таван тэрбум долларын гэрээг үзэглэсэн.
Гэрээний нийт өртөг нь энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хавьгүй их агаад тус баялаг ордоос жилдээ хэдэн тэрбум фунт зэс, 330.000 унци алт олборлоод байхад нөөц нь багаар бодоход 35 жил хүрэлцэнэ. Цаана нь дахиад нүүрс, ураны баялаг ордууд хэвтэж байгаа гэх. Чухам энэ бүхэн тусгаар тогтнолыг нь эрсдэлд оруулж байгаа юм.
Ялангуяа эрчимтэй томорч буй эдийн засгаа түүхий эдээр цатгаж чадахгүй, ангалзаж байгаа өлсгөлөн Хятадын зүгээс бодитой аюул нүүрлэж мэднэ. Сэтгэл зовнисон Монголын удирдагчид хэзээ ч алдагдаж мэдэх хүчний тэнцвэрийг барихын тулд улс оронд нь зайлшгүй хэрэгтэй байгаа Хятадын хөрөнгө оруулалтыг авахын зэрэгцээ улс төрийн нөлөөг нь сааруулах олон улсын түнш хайж байна. XIX зуунд геополитикийн тэмцлийн гол зэвсэг болж байсан төмөр замын асуудал энд давтагдана гэх нотолгоо одоохондоо алга. Хятадын хилээс холгүй байдаг асар их баялагтай Тавантолгойн нүүрсний орд уул уурхайн аварга компаниудын сонирхлыг татаж байна.
Уурхай ашиглалтад орвол жилдээ 50 сая тонн нүүрс олборлох боломжтой. Гол зангилаа нь нүүрсний уурхайгаас хамгийн том хэрэглэгч болох нь тодорхой байгаа Хятад руу төмөр зам тавих шаардлага гарч байгаа юм. Одоо байгаа төмөр зам Тавантолгойгоос 400 км орчим зайтай. Хамгийн хямд, хамгийн ойрхон хувилбар бол хилээс 80 км зайтай төмөр замыг Хятад руу татах. Тавантолгойн нүүрсний ордыг одоо эзэмшиж байгаа “Энержи ресурс” компани дээр дурдсан чиглэлээр төмөр зам тавихаар зэхэж байгаа бөгөөд Германы төрийн мэдлийн “Deutsche Bahn AG” төмөр замын компанитай гэрээ байгуулж, суурь судалгаа хийх ажилдаа орсон. “Deutsche Bahn” компани 2011 он гэхэд төмөр замыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Гэвч Монголын Засгийн газар энэ төлөвл өгөөнөөс жийрхэж байгаа. Тэд Тавантолгойг Хятадын төмөр замын сүлжээтэй холбосноор уурхайд өмнөд хөршийнх нь давамгайлал тогтох төдийгүй төмөр зам баригдсан тохиолдолд Оюутолгойн баялаг мөн түүгээр дамжин Хятадын нөлөөнд орно хэмээн зовниж байгаа юм. Улаанбаатар дахь Стратеги судлалын төвийн шинжээч Машбатын Отгонбаяр “Цаасан дээр байгаа төмөр замын зургаас үзэх юм бол Хятад Монголын нутгаас өм хазаад авчихсан юм шиг л харагдана” гэсэн юм.
Хятад руу төмөр зам тавих нь одоо байгаа төмөр замыг Тавантолгойн уурхайтай холбохоос илүү хямд гэдгийг Улаанбаатар хүлээн зөвшөөрдөг. Гэвч үндэсний аюулгүй байдал нь мөнгөнөөс үнэтэй аж. Монголын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Дашбалжирын Нэмэхбаяр “Төмөр зам бол бидний амин чухал хэрэгцээ мөн. Гэхдээ Засгийн газрын төлөвлөгөөнд нийцэхгүй байгаа төмөр замыг барьж байгуулах эрхийг хувийн компанид өгч чадахгүй. Хөрөнгө оруулагчид ахиухан ашиг харах нь ойлгомжтой. Харин бидэнд өөр зүйл хэрэгтэй. Тэд манай улсад орж ирсэн л юм бол бидэнтэй хамтран ажиллах ёстой.
“Энержи ресурс”, “Deutsche Bahn AG” санал болгож байгаа төмөр замын төлөвлөгөөнд Засгийн газар хаалт тавих нь бараг тодорхой” гэж хэлсэн. Хятад руу төмөр зам тавих хувилбарт хөрөнгө оруулах сонирхолтой Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын зээлдүүлэгчдийг Улаанбаатарын байр суурь аягүйцүүлж байна. Уурхайгаас зүүн хойшоо Монголын төмөр зам руу хандсан чиглэл тээвэрлэлтийн зардлыг гурав дахин өсгөнө гэж банкууд мэтгэж байна.
Энэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд урт зам туулахаас гадна галт тэрэгний дугуй солих илүү ажиллагаа шаардана. Учир нь Монголын төмөр зам ОХУынхтай адил өргөн царигтай бол Хятадынх нарийн байдаг. Хятад руу шууд төмөр зам тавихад дан ганц монголчууд ч дургүй байгаа юм биш. Хүйтэн дайны үеийн өв хөрөнгө болох “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг хянадаг ОХУ монголчуудтай “эв санааны” нэгдэлтэй байгаа юм. Тавантолгойн нүүрсийг ОХУ руу зөөх боломж олгохын тулд одоо байгаа төмөр замын сүлжээтэй холбохыг тэд хүсэж байна. Уурхайгаас Хятад руу төмөр зам тавих хувилбарыг юун түрүүнд сонгох юм бол зүүн хойшоо тавих төслийг (одоо байгаа төмөр зам руу) гацаана хэмээн Москва монголчуудыг сүрдүүлж байгаа нь эргэлзээгүй. Оросуудад байгаа давуу тал нь тэд зүүн тийш төмөр зам тавих сан байгуулж байгаа төдийгүй Монголын Засгийн газартай бат бэх холбоотой. “Оросуудын нөлөө их байгаа. Төмөр замын асуудлаар монголчууд дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Стратеги, геополитикийн хувьд Орос Монголд нарийн царигтай төмөр зам тавих ажилд бэрхшээл учруулна. Үүнийгээ улс төрийн аргаар яаж ийгээд хийж дөнгөнө.
Бид ердөө хоёрхон хөрштэй гэдгээ мартаж болохгүй” гэж Нэмэхбаяр хэллээ. Гэвч Хятад руу төмөр зам тавих саналыг дэмждэг олон улсын байгууллагууд байгаа. Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Адриан Рутенберг “Монголын нийгмийн зарим хэсэг Хятад руу түрүүлж зам тавих юм бол оросууд зүүн тийш тавих төмөр замын ажилд саад учруулна хэмээн үздэг. Үүнд үнэний хувь бий” хэмээн хэлэв. Нэмэхбаяр энэ тухай “Хятад өмнө зүг тавих төмөр замыг дэмжиж байгаа нь гарцаагүй.
Гэхдээ тэдэнд зүүн тийш тавих төмөр замын ажилд саад хийх бодол байхгүй. Оросууд аль хэдийнэ Монголд ирчихсэн. Харин Хятад бол ирээгүй байгаа” гэсэн юм. Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол орон цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх арга чарга хайж, АНУ болон Өрнөдийн орнуудтай энэ талын харилцаагаа бэхжүүлж байна. “Улаанбаатар 1990-ээд оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлт тавьж байсан ч Монголын Зэвсэгт хүчин шаардлага хангахгүй гэж НҮБ үзсэн. Гэвч Иракийн эсрэг дайтах холбоотны цэргийн хүчинд аль болох олон орныг татан оролцуулах шаардлага АНУ-д гарсан тул цэрэг илгээх Монголын саналыг хүлээн зөвшөөрсөн” гэж шинжээч М.Отгонбаяр хэлж байв.
Ингээд өмнөд Ирак дахь “Camp Echo” цэргийн баазын аюулгүй байдлыг хамгаалахад оролцохоор 150 монгол цэрэг Иракт очсон бөгөөд 2008 онд сүүлчийн ээлж үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсэн. Монголын цэргүүд одоо ч Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа. Холбоотны цэргийн эвсэлд нэгдсэн Монголын зүтгэлийг АНУ урамшуулж “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан 285 сая долларын тусламж өгч, “Хааны эрэлд” нэртэй хамтарсан хээрийн сургууль жил бүр зохион байгуулах болсон. Шинжээчийн хэлж байгаагаар энэ хээрийн сургууль Иракийн дайнд оролцсоны үр дүнд олж авсан шагнал аж. АНУ-ын тэнгисийн явган цэргийн баг Монголын Зэвсэгт хүчнийг Өрнөдийн цэргийн арга барилд сургаж байна.
Хамгийн гол нь монголчууд санасандаа хүрч НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцож, 2006 оноос хойш Сьерра-Леон руу 250 хүнтэй цэргийн ээлж илгээх болсон. Хажуу хавирганд нь АНУ-ын нөлөө тэлж байгаад Орос таатай хандахгүй байгаа. Вашингтоны алхам болгонд хариу барьж эхэлсэн төдийгүй цуврал хээрийн сургууль зохион байгуулж, долоон сая долларын цэргийн тусламж амласан. Хоёр талын албаны хүмүүс хээрийн сургуулийг энхийн зорилготой хэмээн мэдэгдэж байгаа ч Монголын Батлан хамгаалахын офицерууд зорилгыг нь “Монголын армийн зэвсэглэлд байгаа Оросын хуучирсан тоног төхөөрөмжийг хэрхэн засаж сэлбэх вэ гэдэгт бүх зүйл чиглэгддэг” хэмээн аминчлан ярьж байна. Түүнээс гадна Москва Монголын төмөр замд АНУ-ыг оруулахгүй байх оролдлого хийх болсон.
АНУ Монголын төмөр замыг сайжруулахад зориулан 285 сая доллар өгөхийг зөвшөөрсөн. (Энэ тусламж одоо яригдаж байгаа уурхайгаас аль нэг тийш төмөр зам тавих асуудалтай ямар ч холбоогүй юм) Гэхдээ одоо байгаа Монгол төмөр замд санхүүгийн шалгалт хийх нөхцөлтэйгээр. Нөхцөлийг ОХУ хүлээн авахаас татгалзсан. Монголын Засгийн газарт дээрх тусламжийн мөнгийг өөр төсөлд зарцуулах тухай бодохоос өөр сонголт үлдсэнгүй. Гэлээ гээд монголчууд зүгээр суусангүй хүчний тэнцвэрийг хадгалахаар хичээж байгаа. Монголчуудын “гурав дахь хөрш” хэмээн тодорхойлсон бодлоготой төстэй “олон туйлт” бодлого явуулж байгаа Казакстаны жишээ тэдэнд өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаа. Казахстан тусгаар тогтнолоо олж авснаас хойш байгалийн баялгаа ашиглан эдийн засгаа асар богино хугацаанд өөд нь татсан.
“Freedom House”-ын жил бүрийн индексээр чөлөөт орны ангилалд ордог Монгол орон улс төрийн хувьд хоёр хөршдөө үлгэр жишээ болно. Одоохондоо орлого багатай байгаа ч өсөн дэвжсээр байна. Тэднийг хүчирхэгжүүлэх уул уурхайн олон төсөл цаасан дээр нэгэнт буучихсан. Гэвч баян хүчирхэг болох хэрээр гаднаас ирэх даралт шахалт бас нэмэгдэнэ. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улс энэ хэвээр цаашид оршин байх эсэх нь тодорхойгүй байна хэмээн Joshua Kucera http://the-diplomat.com сайтад бичсэнийг хөрвүүлэв.

No comments: