April 06, 2010

Гадаад бодлого

Туурга тусгаар улсын оршин байх нэг үндэс нь зөв, цаг үеэ мэдэрсэн гадаад бодлого. Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй Монгол орны хувьд бие даасан гадаад бодлого явуулж чадалгүй олон зуун жил болсон. Манж, Хятадын талхинд 220 орчим, Оросын дагуул улс болж 70 шахам жил болсныг хэлж байна л даа. Дэлхийн талыг нурааж явах үедээ гадаад бодлого битгий хэл өөрсдийн дэг журмыг сэлмээрээ, суу залиараа тогтоож, өдийг хүртэл уламжлагдан тогтсон олон шинэ ойлголтыг дипломат ёсонд буй болгосон. Дотоод сөргөлдөөний улмаас гадаад бодлого дээрээ нэгдмэл байж чадалгүй байсаар бусдын хоол болсон монголчуудад бие даасан бодлого явуулах боломж 1990 оны ардчилсан хувьсгалаар олдсон.
Өнгөрсөн 20 жил алдаж оносон зүйл олон, эдийн засаг, улс төрийн чухал асуудал дээр хуваагдмал байр суурьтай байсан ч ардчилал гээч юмны буянаар хэнийх нь зөв болохыг ард түмнээрээ шийдүүлж (сонгууль), хайнаа хагалж байв. Хүч тэнцсэн үедээ дотроо зөвшилцөж чадаад байв. Харин ганцхан зүйл дээр тухайлбал гадаад бодлого дээр нэгдмэл байр суурьтай байж чадсан. Аль ч нам төр барьж байсан сөрөг хүчний зүгээс гадаад бодлоготой холбоотой том асуудал дээр маргаан өрнөж байгаагүй санагдана. Санаанд орж байгаагаас sincerely yours гэсэн нэг англи үг жигтэйхэн маргаан дэгдээж байж билээ. Америкийн билүү, Их Британийн ч бил үү нэг элчин сайдын яаманд бичсэн захидлаа хэсэг нөхөд энэ үгээр дуусгасан нь хэрүүлийн шалтгаан болсон. Захидлынхаа төгсгөлд цаад хүндээ хүндэтгэл илэрхийлэн бичдэг танд үнэнч, таныг хүндэтгэсэн гэхэрхүү утгатай дээрх үгийг эх орноосоо урваж, гадаадын хүчинд үнэнч байгаагаа илэрхийлсэн хэрэг хэмээн үзэж байв шүү, тэр үед. Инээдтэй ч юм шиг, одоо бодоход. Өнөөдөр ийм үгтэй захиа хүнд илгээгээгүй, хүнээс аваагүй хүн олдохгүй.
Харин өнөөдөр гадаад бодлогын хувьд хоорондоо зөрөлдөх, хамгийн гол нь “зөрөлдүүлэх” гэсэн гадаадын нөлөөлөл илт ажиглагдах боллоо. Сайны ёр огт биш. Шалтгаан нь уул уурхай, түүнийг дагасан их гүрнүүийн сонирхол. Энэ орны ашиг сонирхол дээр үндэслэн гадаад бодлого нь тодорхойлогддог баймаар. Ялангуяа одоо нээгдээд байгаа ордуудаас баялаг зөөх төмөр замын асуудал тойрон ид бужигналдаж байна. Сонсвол нарийн төмөр замыг Хятадын “талынхан” тавих гээд байгаа бол өргөнийг нь Оросын талыг “баримтлагчид” дэмжээд байгаа бололтой. Эдгээр улсыг бөөнд нь олигархиуд гэдэг гэнэ. Ард түмний, Монголын эрх ашгийг жинхэнээсээ дээдэлдэг “ориг” монголчуудад эрх мэдэл байхгүй байгаа аж. Яагаад ч юм ард түмэн тэдэнд эрх мэдэл өгсөнгүй. Гэхдээ хөөрхийс гудийхгүй юм. Яаж ийгээд мөнгө цаас “олоод” жагсаад, цуглаад, цустай, шүлстэй тангараг өргөөд ард түмнийхээ төлөө яваад л байна. Үйлс нь бүтээсэй билээ, хөөрхийс.
Хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг Монгол оронд маш зальжин, алсыг харсан гадаад эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх овсгоо самбаатай сэтгэл нийлсэн баг (хувь хүн биш) яг одоо л хэрэгтэй. Тийм хүмүүс гудамжинд явж байгаа гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Бодлого боловсруулж, хэрэгжүүлж чаддаг бол олигархи байна уу, биш байна уу хамаа алга. Өнчин ишигний гарзгүйгээр өөрөөр хэлбэл огт шулуулахгүйгээр хөгжинө гэж огт байхгүй. “Гэлээн гэх байтугай, гөлөөг” гэх хүн байхгүй гэлээ гэдэг шиг Монголыг хараад нулимс нь гараад, хөөрхийсийг хувийн эрх ашиг харалгүй хөгжүүлээд өгье гэх хүн манай гудамжны хэдэн жагсаалчаас өөр байхгүй шүү, үнэндээ.

No comments: